
Кембрижийн Олон Улсын Хөтөлбөрийг анхлан хэрэгжүүлэгч Улсын тэргүүний Орчлон сургууль 10 жилийн ойгоо тохиож буй 2011-2012 оны шинэ хичээлийн жилээ нэгэн томоохон баяраар угтаж байна.
Тус сургуулийн 5-р ангийн сурагчид Кембрижийн Олон Улсын бага боловсролын шалгалтуудаа амжилттай өгч олон улсын хэмжээнд мэдлэг, чадвараа үнэлүүлж, түүнийг баталгаажуулах гэрчилгээгээ гардан авлаа. Тэд үндэсний хөтөлбөрийг судлахын хажуугаар Олон Улсын хөтөлбөрөөр шамдан хичээллэж Англи хэл, Математик, Байгалийн ухаан гэсэн 3 хичээлийн нийт 7 төрлийн шалгалтыг өгсөн байна. Эдгээр сурагчийг Орчлон сургуулийн үндэсний чадварлаг багш нар болон гадаадын мэргэжилтэн багш нар хамтран бэлтгэжээ.
Баяр хөөр, дуу хуур, инээд цалгилсан 9 сарын 1 ний өдөр энэхүү олон улсын үнэмлэхээ гардан авч буй анхны 56 Монгол сурагчийн баярыг хуваалцаж Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамны Бага дунд боловсролын газрын дарга Эрдэнэчимэг хэлсэн үгэндээ “Олон улсын бага боловсролын шалгалтыг ийм өндөр амжилттай өгсөн нь Монгол улсын боловсролын түүхэнд бахархалтай үйл явдал юм аа” гэж онцлон тэмдэглэсэн нь сурагчид, тэдний эцэг эхчүүд, багш нарт урам зориг нэмлээ. Мөн энэ арга хэмжээнд Нийслэлийн Боловсролын Газрын Бага боловсрол хариуцсан мэргэжилтэн Л.Уртнасан, Багшийн сургуулийн захирал доктор профессор Д.Энхцэцэг, Багшийн сургуулийн багш доктор профессор Балдулмаа нарын зочид хүрэлцэн иржээ.
Орчлон сургуулийн бага ангийн сурагчид богино хугацаанд уйгагүй хичээллэж олон улсын түвшинд мэдлэг, чадвараа үнэлүүлж чадсан нь Монголын хүүхдүүд ямар өндөр оюуны чадвартай болохыг, Монгол багш нар дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөхүйц ур чадвар, заах аргатайг батлан харуулж чадсан онцгой үйл явдал боллоо.