Хайрт хүүхдүүд, хүндэт багш нар, эцэг эхчүүд ээ, Та бүхэнд 2010-2011 оны хичээлийн шинэ жилийн баярын мэндийг хүргэе. Анх байгуулагдахдаа англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай байсан сургууль маань өдгөө хос хэлний сургалттай, Кембрижийн Олон Улсын бага, дунд боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлэгч, сургууль-цэцэрлэгийн цогцолбор болон өргөжиж 10 дахь жилийн нүүрээ үзэж байна. Бидний эрхэм зорилго бол сургуулийнхаа хөгжлийг олон улсын стандарт түвшинд хүргэж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх явдал юм. Орчлон сургууль материаллаг орчин болон багшлах боловсон хүчний хувьд дэлхийн жишигт хэдийнээ хүрчээ гэдгийг Кембрижийн Олон Улсын Төвөөс ирсэн экспертүүдийн хийсэн үнэлгээ, шинжилгээгээр 2008 онд батламжилсан билээ. Мөн Орчлон сургуулийн төгсөгчдөөс 31 сурагч олон улсын дунд боловсролын гэрчилгээ авах IGCSE шалгалтыг 81.3%-ийн чанар, 93.3%-ийн амжилттай өгсөн бөгөөд манай сурагчдаас Олон улсын математик, байгалийн ухаан, мэтгэлцээний олимдиадуудад мөнгө, хүрэл медаль, шагналт байранд шалгарч байгаа үзүүлэлтүүд бидний сургалтын чансааг тодорхойлж байгаа юм. Үр хүүхдээ саруул ухаантай, эрүүл биетэй, амар тайван сэтгэлтэй хүн болгон төлөвшүүлэх нь ээж аав, сургууль багшийн хүсэл, бас үүрэг байдаг. Энэ нь бодит чадвартай, бүтээлч иргэдийг бэлтгэх үндэс суурь болж байдаг юм. Бидний сургалтын үйл ажиллагаандаа хэрэгжүүлсээр ирсэн “Эрүүл хоол хүнс”, “Зөв зохистой хооллолт”, “Амьдрах ухаан” зэрэг хэрэглэгчдийн сэтгэлд нийцсэн олон сайхан төслүүдийг дурьдаж болно. Энэ хичээлийн жилээс манай хамт олон хүүхдийн мэдлэг боловсролын нэг хэсэг болох зөв хооллолтын боловсролыг чухалд үзэн үдийн хоолыг үндсээр нь макробиотик хүнсэнд шилжүүлж байгааг та бүхэнд дуулгахад таатай байна. Эрүүл саруул бие бялдар, оюун ухаантай сайн хүн болохоор зорин тэмүүлж байгаа хайрт хүүхдүүд, хүүхдүүдийнхээ сургалт хүмүүжлийн төлөө бие биедээ итгэл үзүүлэн хамтран ажиллаж байгаа багш, эцэг эхчүүд та бүхэндээ дахин баяр хүргэж амжилт хүсье. |  Боловсролын удирдлагын магистр, Ардын Боловсролын Тэргүүний Ажилтан "Орчлон" сургуулийн ерөнхий захирал Д.Батмөнх | |